Телевизүүд эфирээ хаасны учир

719

Үзэгч та бүхэн зурагтаа асаахад ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХЭНД ОНЦ АЮУЛ УЧИРЛАА гэсэн анхааруулга гарч байгааг харсан байх. 20:00 цагаас эхлээд Монгол ТВ, UBS, 25, Bloomberg, VTV, C1, ТВ8 гээд 10 гаруй сувгаар гарч буй уг анхааруулга нь Зөрчлийн тухай хуульд оруулах гэж буй шинэ заалттай холбоотой.

Ихэнх томоохон арилжааны телевизүүд өнөөдөр эфирээ түр хааж, ‘Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа’ гэсэн сануулгыг эрх баригчдад өглөө. Энэ УИХ-аар хэлэлцэж буй Зөрчлийн тухай хуультай холбоотой юм.

Зөрчлийн тухай анхны хэлэлцүүлэг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийгдэхээр товлогдсон. Энэ дагуу өчигдөр /2017.04.25/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэгт чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх чиг өгсөн юм.

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр Зөрчлийн тухай хуулиар гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгох санал гаргахад гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаас Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хүн гүтгэвэл 10-20 сая төгрөгөөр торгох хуулийн заалт оруулах санал гаргасан нь иргэд, олон нийт, хэвлэлийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч, ийнхүү телевизүүд эфирээ нэг цагийн хугацаанд хаахад хүргэв. Харин маргааш сонин, сайтууд энэхүү эсэргүүцэлд нэгдэх юм.