WeChat-ийн захирлын цалин Apple, IBM, Amazon компанийхаас давжээ

433

Хятадын хамгийн том сошиал платформ болох WeChat-ийг эзэмшигч Tencent компанийн удирдлагын цалин 2016 онд Америкийн томчууд болох Apple, IBM, Amazon компаниудынхаас давж гарсан байна.

Tencent Holding компанийн хувьцааны үнэ эрчимтэй өссөөр түүнийг Азийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болгосон юм.

Тус компанийн тайланд дурдсанаар нэрийг нь зарлаагүй нэгэн удирдах ажилтан 2016 онд $40 саяын цалин урамшуулал хүртсэн нь 2015 оны хамгийн өндөр цалин хангамжаас 13 хувь өссөн дүн болжээ.

Энэ үзүүлэлт нь Хонг Конгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг компаниудын цалин урамшууллыг хол хаяад зогсохгүй, Америкийн технологийн аварга компаниуд болох Apple, IBM, Amazon, Twitter-ийг гүйцсэн байна.

Харьцуулбал Apple-ийн дэлгүүрүүдийн сүлжээг хариуцсан дэд ерөнхийлөгч Ангела Ахрендт өнгөрсөн онд $22.9 саяыг цалин, урамшуулалд авчээ. IBM-ийн гүйцэтгэх захирал В.М.Рометти $32.7 саяыг авсан бол Intel корпорацийн IoT бизнес, систем архитектурын бүлгийн ерөнхийлөгч Венката Рендучинтала $20 саяыг авсан байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын сайн мэргэжилтнүүд тогтмол цалинтай ажлаа орхин стартап бизнес эхэлж, олон тэрбумын хөрөнгө босгох боломжтой болсон нь тэдний цалин хангамжийг өндөрсгөх шаардлагатай болгож байгаа гэнэ. Tencent компанийн эрхэлдэг Weixin сошиал сүлжээ, түүний олон улсын хувилбар болох WeChat нь нийтдээ 889 сая хэрэглэгчтэй. 2016 онд тус компанийн ашиг 43 хувь өсөн 41.4 тэрбум юаньд хүрсэн нь онлайн тоглоом, сурталчилгааны орлогын өсөлттэй холбоотой. Өнгөрсөн долоо хоногт Tencent-ийн нэгж хувьцааны үнэ 231 хонг конг доллар хүрснээр зах зээлийн үнэлгээ нь $281 тэрбумд хүрч, Азийн хамгийн үнэтэй компани болгосон байна.