ЭЕШ-ын бүртгэл энэ долоо хоногт дуусна

985

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 14-нд дуусна. Тиймээс Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас бүртгэлийн явц болон элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг тодруулсан юм.

ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ И-МЭЙЛ ХАЯГААР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

Энэ жил 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Өнөөдрийн байдлаар цахим бүртгэл 88 хувьтай үргэлжилж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, бүртгэл хэвийн явагдаж байна гэдгийг албаныхан хэлж байна. Мөн жил бүр шалгалтын бүртгэл дуусах үед цахим системийн ачаалал ихэсдэг. Бүртгэлээ хийлгэж амжаагүй сурагчид маань дутуу, дулимаг мэдээлэлтэй орж ирэх нь олонтоо байдаг. Тиймээс онлайн бүртгэлд хамрагдахаасаа өмнө элсэлтийн ерөнхий шалгалтын журамтай танилцаж, шаардлагатай мэдээллүүдээ олж аваарай гэдгийг сануулж байна.

Тухайлбал, тухайн элсэгч www.eec.mn хаягаар орж бүртгүүлэхдээ зөвхөн өөрийнхөө и-мэйл хаягаар бүртгүүлнэ. Харин шалгалтын төлбөрөө эцэг эх, асран хамгаалагч нарын картаар төлж болно. Гол нь карт эзэмшигчийн зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Мөн шалгуулагчид нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч, ЭЕШ өгөх хичээлээ өөрөө нэмэх боломжтой. Харин хичээл солих болон хасах боломжгүй.

Бүртгүүлэхдээ чанартай зураг оруулах шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Хэрвээ тухайн элсэгчийн хувийн мэдээлэл алдаатай байвал бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө сургуулийнхаа сургалтын менежерээр дамжуулан БСШУСЯ-ны мэдээллийн системд засуулах шаардлагатай. Харин өмнөх оны төгсөгчид, БҮТ-д хандан мэдээллээ засуулах боломжтой гэж байна.

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ ШАЛГАЛТ ТУС БҮР 5,800 ТӨГРӨГ

ЭЕШ-ын хураамж өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тухайлбал, шалгалт тус бүрд 5,800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай байна. Цахим бүртгэлээ хийсэн сурагчид маань шалгалт өгөх байр, анги танхим, суудлынхаа хуваарийг баталгаажуулсан хуудас буюу суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ирэх сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой гэв.

Түүнчлэн гадаадад ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд  БСШУСЯ-нд очиж төгссөн сургуулийнхаа сертификат, боловсролын гэрчилгээгээ дүйцүүлээд, БҮТ-д хандан цахимаар бүртгүүлж болно. Харин тусгай сургуулийн сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн тус төвд хандан бүртгэлээ хийлгэнэ гэв.

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?

Элсэгчдээс ихэвчлэн ямар зураг оруулах вэ, төлбөрөө хэрхэн хийх, суудлын хуваариа хэзээ харах вэ гэх зэрэг асуултууд ирж байна. Мөн хувийн мэдээлэл засварлуулах, шалгалт өгөх газраа солиулах, шалгалтын хураамжаа эргүүлэн авах, давхардуулсан төлбөрийн буцаалт хийлгэх зэрэг өргөдөл гомдол ирж байгаа ажээ. Боловсролын үнэлгээний төвийнхөн ЭЕШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг бичгээр хүлээн авч, шийдвэрлэж байна.