Ерөнхийлөгчийн сонгуулийн 46 салбарыг гадаадад байгуулна

279

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг улсад нийт 46 салбар комисс байгуулна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр авахаар Улсын Их Хурал тогтоосон.

Өчигдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс хамтран онлайн сургалт зохион байгуулжээ.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисст ажиллах албан хаагчдад зориулсан ийнхүү сургалтаар сонгуулийн хууль тогтоомж, журмыг сайтар судлах, сонгууль зохион байгуулахтай холбоотой төсөв, зардлыг журмын дагуу зөв зүйтэй зарцуулах, санал авах өдөр цагийг хатуу баримталж ажиллах, бичиг баримтын хөтлөлтөд анхаарахыг сануулсан байна.

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан  сургалтыг зохион байгуулж буй бөгөөд дуусах шатанд орж байна.

Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийж буй уг сургалтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос энэ оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд тэр нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдаж байна.

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 3000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлжээ.