Дөрвөн сая долларын үнэтэй алтан зоос Германы музейгээс хулгайлагджээ

379

“Агч модны том навч” нэртэй Канадын алтан зоос Берлиний Боде музейд хадгалагдаж байсныг Даваа гарагийн үүрээр хулгайлж одсон хэрэг гарчээ.

Цул алтаар бүтээсэн, $1 саяын дүнтэй энэхүү аварга зоосны зах зээл дэх үнэ алтны ханшийг тооцвол $4 сая хүрэхийг судлаачид баталж байна.

Музейн арын цонхоор хулгайч шат хэрэглэн нэвтэрсэн гэж цагдаа эхний байдлаар дүгнэжээ. Зоос сум нэвтрэхгүй шилэн хоргонд хадгалагдаж байсан гэнэ. Аюулгүй байдлын үүднээс музейн хамгаалалтын талаар илүү мэдээлэл өгөх боломжгүйг мөрдөгчид мэдээлсэн байна.

2007 онд Канадын зоосны үйлдвэрт дурсгалын зориулалтаар бүтээсэн энэхүү зоосыг 2010 оноос өнөөг хүртэл Германы музей зээлээр авч үзүүлж байжээ. Зоос нь 53 см диаметртэй, 100 кг жинтэй.

Аварга зоосны нэг талд Британий хатан хаан Элизабет II-ын дүр байдаг бол нөгөө талд нь агч модны навч дүрслэгджээ. Мөн Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэлтэй байдаг бүтээл гэнэ.

Боде музейд дэлхийн хамгийн том зоосны цуглуулга байдаг. Берлиний цагдаагийн газар Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнийн 02:00-04:00 цагийн хооронд сэжигтэй зүйл харсан хүмүүсийн мэдээллийг авч байгаа ажээ.

 

Эх сурвалж: BBC