Их Британи Европын Холбооноос гарах ажиллагаа албан ёсоор гуравдугаар сарын 29-нд эхлэнэ

888
united kingdom exit from europe relative image

Лиссабоны Гэрээний 50 дугаар заалтыг үндэслэн Их Британи улс Европын Холбооноос гарах ажиллагаа албан ёсоор гуравдугаар сарын 29-нд эхэлнэ гэж Даваа гарагт албаныхан мэдээллээ.

Британий ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч энэ мэдэгдлийг хийгээд “Бид хэлэлцээрийг даруй эхлэх хүсэлтэй байна” гэжээ.

Мөн Брюссельд суугаа Британий элч Тим Барроу мэдэгдлийг Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Тускийн ажлын албанд хүргэсэн байна. Мэдэгдэлд Британичууд Европын Холбооноос гарах түүхэн сонголтыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 23-ны бүх нийтийн санал асуулгаар хийсэн гэдгийг дурджээ.

Ийнхүү санал асуулгын дүн гарснаас яг есөн сарын дараа буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт албан ёсны хэлэлцээр эхлэхээр боллоо.

Британичуудын 52 хувь нь Европын Холбооноос гарахыг дэмжсэн нь тус холбооны гишүүн орнуудын түүхэнд анхны ийм өндөр хувь хэмжээтэй санал юм.

Ерөнхий сайд Тереза Мэй Европын нэгдсэн бүтцээс салах болсон шалтгаанаа цагаачлалыг өөрсдөө хянах зорилготой гэж тайлбарласан. Европын Комисс Британий хүсэлтэд 48 цагийн дотор хариу өгөх ёстой ба харин хэлэлцээр нь тэр дороо эхлэх магадлал бага байна. Эх сурвалжууд хэлэлцээрийг хэдэн долоо хоног, магадгүй сарын дараа эхлэх байх гэж үзэж байгаа юм.

Харин Европын Комиссийн хэвлэлийн төлөөлөгч Маргаритис Скинас өчигдөр хэлэхдээ “Европын Холбоо яриа хэлэлцээрийг эхлэхэд бүрэн бэлтгэлтэй байгаа. Бидэнд урьдчилсан мэдэгдэл ирсэн тул бэлтгэлээ базаасан, зөвхөн албан ёсны мэдэгдэл ирэхийг хүлээж байлаа” гэжээ.

Эх сурвалж: www.bbc.com