Yahoo компанийн 500 сая хэрэглэгчийн мэдээллийг Оросын тагнуулууд хулгайлсныг зарлалаа

438
The Yahoo logo is shown at the company's headquarters in Sunnyvale, California April 16, 2013. The company will release its quarterly results on Tuesday. REUTERS/Robert Galbraith

2014 онд Yahoo компанийн 500 сая хэрэглэгчийн мэдээлэл хулгайлагдсан хэргийн ард Оросын тагнуулын хоёр ажилтан байгааг АНУ-ын хуульзүйн департмент өчигдөр зарлалаа.

Хэрэглэгчийн кодлогдсон нууц үг, нэр, имэйл хаяг, утасны дугаар, төрсөн огноо зэрэг алдагдсан мэдээллийг хэрхэн ашиглаж байсныг мэдэгдэлд бас тайлбарлажээ.

Оросын тагнуулын хоёр ажилтнаас гадна тэдэнтэй хамтарч ажилласан Оросын иргэн, Канад-Казахстаны давхар иргэншилтэй хүн уг хэргийг үйлдсэнд тооцогдож байна. Хулгайлсан мэдээллээ ашиглан тэд Yahoo, Google зэрэг мэйл үйлчилгээнүүдийн системд хууль бусаар нэвтэрч Оросын сэтгүүлчид, АНУ, Оросын төрийн албан хаагчид болон санхүү, дэд бүтцийн хувийн салбарын ажилтнуудын мэдээлэлд хандаж байсан гэнэ.

Yahoo компани энэ хэргийн талаар 2016 оны есдүгээр сард буюу хоёр жилийн дараа зарлаж байсан нь түүхэнд тохиолдсон хамгийн том мэдээлэл алдагдсан хэрэгт тооцогддог.

Хэрэгт холбогдож, яллагдсан дөрвөн хүнийг танилцуулбал:

  • Дмитрий Александрович Докучаев, 33 настай, ОХУ-ын Холбооны Аюулаас Хамгаалах Газрын (FSB) мэдээллийн аюулгүй байдлын төвийн офицер, Оросын иргэн.
  • Игорь Анатолевич Сушин, 43 настай, FSB-ийн офицер, Докучаевын ахлагч, Оросын Хөрөнгө Оруулалтын Банкны Мэдээллийн Аюулгүй байдлыг хариуцсан захирлаар ажиллаж байсан. Оросын иргэн.
  • Алексей Алексеевич Белан, “Magg” хочтой, 29 настай, Латвид төрсөн ОХУ-ын иргэн. Өмнө нь хэд хэдэн удаа кибер халдлагын хэрэгт орооцолдож байсан, хакер. АНУ-ын хориг тавьсан хүмүүсийн тоонд багтсан.
  • Карим Баратов, “Kay” хочтой, 22 настай, Канад-Казахстаны давхар иргэн, Канадад амьдардаг.

Эдгээр хүмүүст Вашингтоны засаг захиргаа нийт 47 төрлийн ял тулгаад байна. Тулгасан ялууд нь тус бүрдээ 2-20 жил хүртэл хорих шийтгэлтэй юм.

Эх сурвалж: Quartz