‘Утаагүй хот 2030’ төсөл боловсруулж байна

901

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж нэгдүгээр сарын 10-нд хуралдаж, нийслэлийн агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг зарлаад аймаг, нийслэлийн ИТХ-д чиглэл өгч, цаашид хэрэгжүүлэх болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг бэлтгэх үүрэг өгсөн. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-ын харьяа агентлагууд долоо хоногоор ажлаа төлөвлөж ажиллажээ. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас хэд хэдэн арга хэмжээ авснаа тус газрын дарга М.Дэлгэрэх танилцууллаа.

Тэрбээр, Утаагүй хот 2030 төсөл болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлыг хийгээд эхэлсэн байна. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 4 бүсэд мэргэжлийн хяналтын  269 байцаагчид агаарын чанарт хяналт тавих давхар эрх, үүрэг өгчээ. Эдгээр байцаагч одоогийн байдлаар 1316 иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж, 1034 мэдэгдэх хуудас тараасан байна. Газар дээр нь 3 сая 195 мянган төгрөгийн торгууль тавьжээ. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уурын зуухуудад хяналт, шалгалт хийж эхэлсэн.

Бид цаашид агаарын чанарыг сайжруулах зорилгоор байгаль экологио хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтарч ажиллана. Мөн одоогоор Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн 50 цэцэрлэгт дотоод агаарын чанарыг сайжруулах 200 төхөөрөмж суурилуулаад байна. Энэ төслийг цаашид Дэлхийн банкны санхүүжилтээр үргэлжилнэ.

Түүнчлэн “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон худалдааны төвд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ стандартыг хангасан гэрийн зуухыг худалдаалах албан шаардлага хүргүүлсэн. Цаашид гэрийн болон, том оврын зуухыг үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллах болно.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 1308 өрх амьдардаг. Эдгээрийн 1230 нь гэр хорооллын бүсэд хамаарагддаг юм. Тиймээс гэр хорооллын иргэдийн эрх ашгийг үндэслэн эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулсан гэж мэдээллээ.