Агаарын бохирдол жил бүр 570 мянган ХҮҮХДИЙГ хөнөөж байна

838

ДЭМБ-ын судалгаагаар жил тутам орчны бохирдлын улмаас тав хүртэлх насны 1,7 сая хүүхэд амиа алдаж байна гэжээ. Дэлхий даяар амиа алдаж буй дөрвөн хүүхэд тутмын нэг нь агаарын бохирдол, бохирдолтой ус, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд амьдарснаас болж амиа алдаж байгаа аж.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан “Бохирдолтой орчин гэдэг бага насны хүүхдийн хувьд үхлийн бүс боллоо. Хүүхдүүдийн эд эрхтэн, дархлааны систем дөнгөж хөгжиж байдаг учраас бохирдолтой ус, агаар гэдэг хортой ижил” гэжээ.

Судалгааны тоон мэдээг задалж үзвэл тав хүртэлх насны 570 мянган хүүхэд агаарын бохирдол, дам тамхидалтаас болж, 361 мянган хүүхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд амьдарч, цэвэр ус ууж чадахгүй байгаагаас, дээрх хоёр шалтгааны улмаас 270 мянган нярай нэг сар хүрч чадалгүй амиа алдаж байгаа аж.

Түүнчлэн жил бүр 200 мянган хүүхэд халуун хумхаа өвчнөөс болж үхэж буйгаас ч сэргийлэх боломжтой талаар тайланд дурджээ.

2013 онд Олон улсын Хавдар судлалын төвөөс агаарын бохирдлыг хорт хавдар үүсгэгч хүчин зүйл хэмээн үзэх болсон юм. Харин өнгөрсөн жилийн есдүгээр сард ДЭМБ-аас нийт хүн төрөлхтний 90 хувь нь хүний биед хортой хэмжээнээс давсан агаарын бохирдолтой бүсэд амьдарч байгаа гэдгийг тогтоожээ.

Эх сурвалж: www.who.int