Дэлхийн хамгийн урт шууд нислэг хийлээ

766

Доха хотоос хөөрсөн Катарын агаарын тээврийн QR920 онгоц Шинэ Зеландын Окландын нисэх буудалд газардаж шинэ дээд амжилт тогтоов. Холын зайн нислэгт зориулсан Боинг 777-200LR онгоц нь 14535 километр замыг зогсолтгүй нисэж туулжээ.

Катарын агаарын тээврийн компани “Бид Окландад амжилттай газардлаа” хэмээн жиргэсэн байна. Онгоц бүтэн 16 цаг 23 минут нисэж төлөвлөгөөт цагаасаа таван минутын өмнө газарджээ.

Энэ хугацаандаа нийт 10 цагийн бүсээр дайран өнгөрсөн бөгөөд нислэгийн туршид дөрвөн нисгэгч, 15 хөлгийн багийн гишүүд ажиллаж, 1100 аяга цай, кофе, 2000 сав хүйтэн ундаа, 1036 хоолоор зорчигчдод үйлчилсэн аж.

Энгийн суудал нь 1050 фунт стерлинг буюу 3,2 сая төгрөгөөс эхэлж байгаа бол нэгдүгээр зэрэглэлийн суудал нь 7250 фунт стерлинг буюу 22 сая төгрөгтэй тэнцэнэ. Анхны нислэгийг газардахад нь усаар шүршдэг олон улсын уламжлалаар Окландын нисэх буудал тэднийг угтан авчээ.

Эмиратын агаарын тээврийн компани өнгөрсөн гуравдугаар сард Дубайгаас Окланд хүртэл нийт 14200 километр зам туулах нислэг хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хамгийн урт шууд нислэг байсан юм.