О.Орхон ТУЗ-ийн гишүүн болсон нь ХХБ “Эрдэнэт” үйлдвэрт эрх мэдлээ тогтоосон үйлдэл биш гэж үү

1842

“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан коппер корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулсан.

Шалгалтаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийг “ Монгол зэс” корпорацийн Монгол дахь дүрмийн санг ил тод болгосон гэдэг нэрээр нэмсэн 102 тэрбум төгрөг, “QSC” ХХК-аас зээлсэн гэх 62,9 сая ам.доллар, “Ривер стоун пропертис” ХХК-аас зээлсэн 70 сая ам.доллар, “Юнайтед энержи системс” ХХК-аас зээлсэн 70 сая ам.доллар, “Канетик” ХХК-аас зээлсэн 68 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банкнаас “Монгол зэс” корпорацийн өөрийнх нь зээлсэн 75 сая ам.доллараас тус тус бүрдэж байгааг ажлын хэсгийн шалгалт тогтоосон байна.

Улмаар Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигчид болон түүний шууд удирдлагад ажилладаг гүйцэтгэх ажилтнууд 2011 оноос хойш өөрсдийн нэр дээр олон тооны аж ахуйн нэгж байгуулж, тэдгээрийн нэр дээр тодорхой төрийн өмчит компаниудыг хувьчилж авах, концессийн гэрээ байгуулах, худалдан авах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ банкны эх үүсвэр, Монголбанкнаас олгосон зээл, улсын төсвөөс олгосон зээл, Засгийн газрын баталгаа зэрэг эх үүсвэрийг ашигласан байх үндэслэлтэй байна хэмээн ажлын хэсэг дүгнэжээ.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон 2016 оны 10 дугаар сард “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Санхүүжилтэд нь оролцооч гэсэн хүсэлтийн тухайд Худалдаа хөгжлийн банк зээл олгодог байгууллага гэдэг утгаараа оролцсон. Харин хөрөнгө оруулалтын банкны болон зөвлөгөө өгөх чиглэллээр ажилладаг “TDB capital”компани гэрээ хэлцэлд зөвлөгөө өгч ажилласан. “Эрдэнэт”-ийн нэг ч хувьцаа манай банкны эзэмшилд байхгүй. Эрх мэдлээ тогтоосон ямар ч асуудал гараагүй. Бид зөвлөгөө өгсөн гэдгээ маш тодорхой хэлж байгаа. Санхүүжилт олгосон нь үнэн. Томоохон хэмжээний хэлцэл байсан учраас хууль дүрмийнхээ дагуу нэг зээлдэгчид олгох боломжтой хэмжээний санхүүжилтийг олгосон” хэмээн ярьсан нь бий.

Тэгвэл ажлын хэсгийн дүгнэлтээс харахад, 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, 93 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмент” ХХК-ийн 49 хувийн төлбөрт тухайн үеийн ханшаар 400 сая ам.доллар буюу 900,2 тэрбум төгрөг буюу гол хувьцаа эзэмшигчдийн хариуцлага хүлээх хэмжээнээс давсан зээл олгосон байгаа юм. Мөн энэхүү 400 сая ам.долларын зээл олгохдоо Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17,3 дахь хэсэгт заасан “Нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Гэтэл О.Орхон ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулсны дараа “Дүгнэлттэй холбоотой ХХБ зөвлөх, санхүүжүүлэгчээр оролцсон. Өнөөдрийн байдлаар “Монгол зэс” корпорацид олгосон зээлийн үлдэгдэл 80 сая ам.доллар байгаа. Энэ манай нийт зээлийн багахан хувийг эзэлж байна. Хөгжлийн банкнаас ямар нэг эх үүсвэр өгсөн зүйл байхгүй. 49 хувийг худалдан авахад зориулсан эх үүсвэрийн зээл байхгүй” хэмээн мэдэгдээд амжив.

Харин ажлын хэсгийнхэн “Монгол зэс” корпорацид зээл олгохдоо “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг барьцаалж, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон “Монгол зэс” корпорацийг төлөөлж, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн болсон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл харагдаж байгаа юм. Түүний энэ үйлдлийг “Эрдэнэт” үйлдвэрт эрх мэдлээ тогтоох гэсэн санаархал гэж хардах үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, О.Орхон захирлын хэлсэн үг, хийсэн үйлдэл хоёр нь зөрсөн гэсэн үг. Эсвэл О.Орхон захирал зээл олгосон бүх байгууллагынхаа ТУЗ-ийн гишүүн байх ёстой юу гэдэг асуулт гарч байна.

Ямартай ч ажлын хэсгээс Засгийн газар, Монголбанк уг санал, дүгнэлтэд тусгагдсан хөрөнгийн эх үүсвэрүүдийн хүрээнд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны хувьцаа эзэмшигчтэй харилцан тооцоо хийж, хэлцэл хийх замаар 49 хувийг Засгийн газар эргүүлэн авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаад байна.

Г.НАРАН