М.Батчимэг: Таван нэр дэвшигчийн дунд мэтгэлцээн явуулахыг шаардаж байна

632

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг тэргүүтэй Ардчилсан намын гишүүд өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.

М.Батчимэг “АН-ын даргын сонгууль ёс зүй, хууль дүрмээ дээдэлсэн сонгууль болоосой гэж хүсч байгаа. Тэгж байж нийт гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөж, цаашдаа АН-ын шинэчлэлийн суурь болж явах юм. Би гурван зүйлийг онцолж ярья.

Нэгдүгээрт АН-ын даргаар ажиллаж байгаа З.Энхболд гуай өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо маш том алдаа гаргасан. З.Энхболд дарга АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа таван хүнд “эв нэгдэлтэй яваарай” гээд таван сум бэлэглэсэн хүн. Харамсалтай нь, өчигдөр орой “Зөвхөн УИХ-ын гишүүн хүмүүсийг АН-ын даргаар сонгоорой” гэдэг уриалга гаргасан. Нэр дэвшигч Л.Гантөмөрийн нэрийг татах шаардлагатай гэдэг мэдэгдэл хийсэн. Сонгуулийн хороо энэ арга хэмжээг хэрэгжүүл гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж даалгавар өгөх жишээтэй.

Намын дарга хүн өөрийнх нь ажлыг залгамжлах сонгуульд өрсөлдөж байгаа гишүүдээ алагчилж, телевизээр ухуулга хийж байгаа нь туйлын зохисгүй үйлдэл гэж АН-ын гишүүн бид үзэж байна. Хараат бус ажиллах учиртай АН-ын даргын сонгуулийн хороонд нөлөөллөө. Ийм учраас би З.Энхболд даргыг энэ үйлдлийнхээ төлөө нийт гишүүдээсээ өнөөдрийн дотор уучлал хүсэх ёстой гэж үзэж байна. Хэрэв шаардлагыг хүлээн авч уучлал хүсэхгүй бол бид маргаашнаас эхлээд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна.

Хоёрт, намын гишүүдийн бүртгэлийн үйл ажиллагаа нэг талыг барьж, ойлгомжгүй явж ирлээ. Гишүүдийг бүртгэх ажлын хэсэг туйлын хангалтгүй ажиллаж байгаа. Ийм учраас таван нэр дэвшигч хамтарч хуралдаад, өөрсдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан бүртгэлийг шударга явуулъя гэдэг санал тавьсан. Уг нь саналыг хүлээн авч шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхийг хүссэнгүй. З.Энхболд даргын Шонхор фракцийн хүмүүс бүх бүртгэлийг зохион байгуулж байна. Хан-Уул дүүрэг, Дархан, Эрдэнэт хотод намын гишүүдийг бүртгэхгүй байна. Намын даргаа гишүүдээрээ сонгуулна гэчихээд хайрцагласан хэсэгтээ нэмж хүн бүртгэхгүй байна. Бүртгэл хаалттай болсон учраас АН-ын даргын сонгуулийн үр дүнд шударга гарч чадах эсэхэд эргэлзэж эхэллээ.

Гуравт, АН-ын даргад нэр дэвшигч таван хүн 21 аймаг, есөн дүүргээр явж намын гишүүдтэйгээ уулзаж байгаа. Гэтэл уулзалтад заалны багтаамжаас шалтгаалаад нэг уулзалтад 300-500 гишүүн л оролцож байна. Үндсэндээ АН-ын нийт гишүүдийн 10-аас илүү хувь нь мэдээлэл огт авч чадахгүй байна. Хэн ямар мөрийн хөтөлбөртэй, юу ярьж оролцож байгааг тэд мэдэхгүй байна.

АН-ын даргын сунгааны журмаар уулзалтыг шууд дамжуулахыг хориглосон учраас мэдээлэлгүй байгаа.

АН-ын VI их хурлаас гаргасан журмаар нэгдүгээр сарын 28-нд таван нэр дэвшигчийн дунд мэтгэлцээн явуулах ёстой.

Гэтэл Шонхор фракциас бүрдсэн АН-ын даргын сонгуулийн хороо өчигдөр дотооддоо санал хураалгаад, мэтгэлцээнийг болиулсан байна. Намын Их хурлаас баталсан журмын заалтыг хэдхэн хүн хуралдаад өөрчиллөө. АН-ыг нээлттэй нам болгохын тулд бид шинэчлэлийг эхлүүлж байгаа. Намын гишүүд мэдээллийг нээлттэй авч байж сонголтоо чөлөөтэй хийх боломжтой. Гэтэл нэг фракциас бүрдсэн сонгуулийн хороо, бүртгэлийн ажлын хэсэг боломжтой бүх хэлбэрээр мэдээллийг хааж байна. Энэ нь Ардчилсан намын одоогийн удирдлагаас гаргаж байгаа хууль бус, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Тийм учраас мэтгэлцээнийг явуулахыг шаардаж байна” гэлээ.