Шүдний цоорлыг өөрөөр нь эдгээх аргыг амжилттай туршжээ

1139

Шүдний эмч гэдэг хүүхэд гэлтгүй, насанд хүрэгчид ч очихоос зүрхшээдэг мэргэжилтэй хүмүүс. Тэгвэл цоорсон шүдийг ломбо тавихгүйгээр өөрөөр нь эдгээх аргыг амжилттай туршжээ.

Тэгэхээр ирээдүйд бид шүдээ цоороход оронд нь эм уугаад л эдгээдэг болох юм. Их Британийн эмч нар шүдний өөрийгөө нөхөн сэргээх чадварыг эрчимжүүлж, үүдэл эсийг идэвхжүүлснээр ийм үр дүнд хүрсэн аж.

Хүн, амьтны шүдний өөрийгөө нөхөн сэргээх чадвартай боловч тун нимгэн давхаргыг сэргээдэг учраас хангалтгүй байдаг юм байна. Харин Альзхеймерийн эсрэг үйлчилгээтэй байж магадгүй гэж үздэг Tideglusib эм үүдэл эсийг идэвхжүүлж, нөхөн сэргээх чадварыг нэмэгдүүлдэг болохыг Лондоны Эзэн хааны коллежийн профессор Пол Шарпын удирдсан багийнхан судалж мэджээ.

Профессор Пол Шарп “Шүдний цоорол гэдэг хүн бүрт хамаатай өвчин. Тиймээс бид тун энгийн, түргэн үйлчилгээтэй, хямд үнэтэй эмчилгээний аргыг бодож олохоор хичээж байна” гэсэн юм.

Хулгана дээр хийсэн туршилтаар Альзхеймерийн эсрэг эм өндөр үр дүнтэй болохыг тогтоосон аж. Профессор Шарп “Шүд гэдэг зүгээр нэг эрдсийн нэгдэл биш шүү дээ. Өөрийн гэсэн бүтэцтэй. Бид үнэн хэрэгтээ амьд эд эсийг ухаж аваад оронд нь цемент цутгах аргаар л шүдний өвчнийг эмчилж ирлээ. Мэдээж хэрэг ломбо үр дүнтэй. Гэхдээ шүд өөрийгөө нөхөн сэргээж чаддаг байхад яагаад заавал ийм болхи арга хэрэглэх ёстой юм?” гэжээ.

Гэхдээ энэ шинэ аргаар эмчилсэн ч гэсэн шүдний үхэжсэн хэсгийг авч хаяхаас өөр аргагүй. Тэгэхээр ийм аргыг нэвтрүүлсэн ч та шүдээ өрөмдүүлэхээс зугтах газаргүй.

Эх сурвалж: www.bbc.co.uk