Хөгжлийн банк 2 тэрбумаар 7 ширхэг оёдлын машин санхүүжүүлсэн нь илэрлээ

549

Хөгжлийн банкны экс удирдлагуудад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэдний хэргийг Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж байгаа юм.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах явцад Н.Мөнхбатын удирдаж явсан Хөгжлийн банкинд маш олон ноцтой зөрчлүүд илэрсэн талаар  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр мэдээлсэн юм. Тэд хэтэрхий их тансаглал, баталгаагүй төсөл хөтөлбөрт бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж, төсвийн хөрөнгийг гарын салаагаараа ямар ч тооцоо судалгаагүйгээр урсгаж орхисон нь нийтэд ил болсон байдаг. Түүгээр ч барахгүй сайдтай золгохдоо гоё дээл өмссөн гэх шалтгаанаар 3.5 сая төгрөгийн урамшуулал ажилтандаа олгосон байсан нь илэрсэн юм.

Тэгвэл тэдэнтэй холбоотой дахин нэг ноцтой баримт цацагдлаа. Тодруулбал, оёмол бүтээгдэхүүнийг дэлхийн жишигт хүргэнэ хэмээн сүржин нэр, уриатай төсөл боловсруулж 2 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан байтал үйл ажиллагаа эрхэлдэг газар дээр нь очиход 7 ширхэг оёдлын машинаас өөр зүйл байхгүй байжээ. Мөн хөдөө орон нутагт хэрэгжихээр санхүүжилт авсан үйлдвэрийн төслүүд үйл ажиллагаа нь жигдэрсэн мэт тайлангаа явуулан санхүүжилтээ авдаг байсан атлаа үнэн хэрэгтээ гурван талт хашаанаас өөр зүйлгүй байсан ил болсон байна.

Түүнчлэн Хөгжлийн банк нь “Төслийн нэгж” нэртэй төсвийн хөрөнгийг үргүй зарцуулагч нарт, тухайлбал: “Гудамж” төслийн нэгж, “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгж, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгж, “Хүрэн нүүрснээс байгалийн синтетик хий үйлдвэрлэх” төслийн нэгж, “Шинэ төмөр зам” төслийн нэгж тус бүрт зөвхөн үйл ажиллагааны зардал (үндсэн хөрөнгө, машин худалдан авах, ажилтнуудын цалин (Гудамж төсөл гэхэд 70 гаруй ажилтантай), бичиг хэргийн зардал г.м) нийт 17.0 тэрбум төгрөг олгосон байна.

Ийнхүү шалгалтын явцад илэрсэн “но”-нууд ил болсоор байна. Хэргийг шалгаж дууссаны дараа энэ бүх зүйл тодорхой болох буй за. Н.Мөнхбат, Н.Батбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн   263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Б.Анир
Эх сурвалж: www.zaluu.com