Эмэгтэйчүүдэд НОЙР ЧУХАЛ

638

image1_700

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол өдрийн турш тархиа хичээнгүйлэн ажиллуулдаг тэднээс 20 минутын хугацаанд илүү унтах ёстой гэнэ. Ийм дүгнэлтийг Лафборогийн (Англи) их сургуулийн хэсэг эрдэмтэд хийжээ.

Их сургуулийн нойр судлах төвийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгаанд дунд эргэм насны 210 хүн хамрагджээ. Эрдэмтэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өдрийн цагаар тархи идэвхтэй ажиллах, авсан мэдээллийг боловсруулан шингээх цаг хугацааны нөхцөл байдлыг уг судалгаагаар авч үзжээ.

Эмэгтэйчүүд хэд хэдэн зүйлийг зэрэг гүйцэтгэж, нэгээс нөгөөд нь шилжих олон талын асуудалтай өдөр бүр тулгардаг бөгөөд тэр бүхэнд тархины ажиллагаа илүү ихээр шаардагддаг ажээ. Гэхдээ зарим эрэгтэйчүүд ажил дээрээ олон асуудлыг зэрэг шийдэх хэрэгтэй болдгийг эрдэмтэд онцлов. Хэрэв тэд өдөр бүр ийм дэглэмтэйгээр ажилладаг бол нойрондоо анхаарал тавих нь чухал.

Судалгаагаар мөн нойр дутуу явах нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг харуулсан байв. Эмэгтэйчүүд нойр муутай үедээ уур уцаартай болдог бол эрэгтэйчүүд ихэнх нь харьцангуй өөрчлөлт багатай байдаг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР