Мөнгөгүй гээд зовлон тоочоод суухгүй

634

bayarkhuu

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүтэй ярилцлаа.

-Та нийслэлийн дэд бүтэц, гэр хороолол гээд хамгийн хүнд, хамгийн чухал салбарыг хариуцан ажилладаг хүн. Улаанбаатарын нийт өрхийн 70 хувь нь өнөөдөр гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд маш олон асуудал хуримтлагдсан байдаг. Та ажлаа юунаас эхэлж байна?

-Хотын дарга С.Батболд дөрвөн орлогчтой. Миний хувьд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг хариуцахаар томилогдон ажиллаад  гурван сар өнгөрчээ. Мэдээж энэ хугацаанд зүгээр суусангүй. Ажилтайгаа танилцахаас эхлээд цаашдаа юу хийх гэсэн төлөвлөгөө, бодлогынхоо баримт бичгийг аргалаа.  Удахгүй ирэх оны төсвөө батална. Хотын хөгжлийн амин сүнс нь дэд бүтэц байдаг. Тэр тусмаа гэр хорооллын хөгжил бол Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал болчихоод байна.  Үе, үеийн хотын дарга нарын том зорилго нь гэр хорооллыг дэд бүтцээр хангаж, барилгажуулахад чиглэгддэг. Харин яаж, ямар замаар гэр хорооллыг барилгажуулах вэ гэдгээ зөв шийдэх ёстой.  Дээр нь ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй байна. Нийслэлийн төсөв гэхэд 120 тэрбумаар тасарчихсан. Улсын төсөв хүнд байна. Бидэнд  хийе гэсэн сэтгэл байвч хөрөнгө  мөнгө нь алга аа. Гэхдээ эдийн засаг хямралтай байна гээд зүгээр суух гээд байгаа юм биш. Байгаа бүхий л бололцоогоо дайлчлах ямар боломж бололцоо байгааг хайж байна. Бид чинь “Аз жаргалтай хот”-од амьдруулна гээд амалчихсан хүмүүс шүү дээ. Мөнгөгүй гээд зовлон тоочоод суухгүй ээ.

-“Аз жаргалтай хот”. Сайхан л сонсогдож байна. Гэвч амлахаас илүү бодит ажил болгох хэцүү. Монголчууд бид зөндөө л амалдаг. Гэвч тэр нь цаасан дээрх мөрөөдөл хэвээр үлдэх нь олон байгаа болохоор ингэж асууж байгаа юм шүү?

-Зөвөө зөв. Таны асуултыг би ойлгож байна. Гэвч зүтгэл байвал зүгээр ч худаг ухаж болно гэсэн үг байдаг даа. Бид амалснаа ажил хэрэг болгохоос өөр аргагүй. Ард түмэн тэнэг хүмүүс биш шүү дээ. Тиймээс хөрөнгө мөнгө байхгүй гээд хойшоо гэдийгээд суухгүй. Ямар ч байсан гадаадын зээл, буцалтгүй тусламж, ах дүү хотуудын хамтын ажиллагаагаа ашиглаад амалснаа ажил хэрэг  болгоно.  Өнгөрсөн сард би Унгарын Будапешт хотод ажиллаад ирлээ. Бидэнд тэндээс сурах, суралцах, туршлагыг нь авах олон зүйл байна. Улс орны хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт чухал шиг Улаанбаатарын хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт ноу, хау нь чухал байна.

-Уучлаарай, Улаанбаатарт амьд явах эрх улам бүр алдагдсаар байна.  Өвөлдөө угаартаа дарагдаад, зундаа ус бороо шавар шавхайгаа дийлдэггүй. Дээр нь хөрсний бохирдол цэвэрлэх байгууламжийн асуудал байна. Одоо бүр цас мөсний орон болчихлоо?

-Улаанбаатар бол нийслэлийн хамгийн хүйтэн хот. Дээр нь нийслэлийн өрхийн 70 хувь нь гэр хороололд амьдарч, нүхэн жорлонгоо хэрэглээд, нүүрсээ түлж байна. Нийт Монголын иргэдийн гуравны нэг нь Улаанбаатартаа төвлөрчээ. Тэр утгаараа олон асуудал хуримтлагддаг. Нэг асуудлыг нь шийдэхэд нөгөө асуудал нь үүсдэг. Агаарын бохирдлыг олон жил ярилаа.  Гэсэн ч үр дүн багатай байна. Энэ нь эрчим хүч, дэд бүтцийн хөгжилтэй холбоотой л доо.  Унгар гэхэд л газрын гүний дулаанаар бүхэл бүтэн нэг хотын хэрэгцээг хангачихаж байна.  Бүр дулаан нь айл айл дээр хэдэн градусаар очиж байгааг дэлгэцээр хараад сууж байна шүү дээ. Харамсалтай нь, бид нүүрсээ түлээд нөгөө л агаарын бохирдлоо яриад суусан хэвээрээ байна. Газрын гүний дулааныг унгарчууд бас зам дээр ашиглаж байна. Замын дор халуун үлээгч тавьчихаар цас мөс тогтдоггүй юм байна л даа.  Тэгэхээр манай нийслэл шиг хүйтэн хотод бол хэрэгтэй л зүйл шиг санагдсан.

-Энэ туршлагыг нь  Улаанбаатарт нэвтрүүлж болдоггүй юм уу. Тэгвэл хотын дарга нар хог шүүрдэж, цас цэвэрлэх шаардлагагүй шүү дээ?

-Болно л доо, гэхдээ бас л мөнгө шаардана шүү дээ.  Бид аль болохоор өр зээл тавихгүйгээр, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтаар асуудлыг шийдэх сонирхолтой байна.  Ер нь хүн шүүмжлэхэд амархан шүү дээ.Хотын дарга цасаа цэвэрлэхгүй байна гээд шүүмжлээд байсан. Цасаа цэвэрлэе гээд уриалахаар цасаа цэвэрлэлээ л гэнэ. Өнөөдөр үнэхээр цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байна. Хот тохижилтынхон хамаг хүчин чадлаараа ажиллаад дийлэхгүй байна. Бид байгаа боломжоо ашиглаж, асуудлыг шийдэхийн төлөө байгаа.  Унгар шиг газрын гүний дулааныг зам талбай дээрээ ашиглах талаар судалж байна. Хөрөнгө мөнгө хэр орохыг нь тооцож байна.

-Нийслэлийн нэг том зовлон шилжин ирэгсэд. Улаанбаатарыг зорьсон хөдөөгийнхний цуваа өнгөрсөн арван жил тасарсангүй?

-Үнэхээр наадах чинь Улаанбаатарын нэг тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн.  Нийслэлийн даац хэрээс хэтэрсэн. Хаа байсан уулын орой дээр хашаа хатгаад гэр бариад суучихна. Уг нь жил ирэх тусам л эрчим хүчний хэрэглээ нэмэгдээд байдаг. Нэг хэсэг хүмүүсийг эрчим хүч, дэд бүтэц, нийтийн тээврээр хангалаа гэхэд дахиад хэсэг хүмүүс нүүж ирээд хашаа бариад суучихна. Тэгээд нийслэл хотод тэдэн айл тоггүй байна гээд хэвлэлийнхэн та нар баахан шүүмжилдэг.  Хотын айл болгоныг эрчим хүч, дэд бүтцээр хангахын тулд, хог шороогүй орчинд амьдруулахын тулд нийслэл үе, үеийн удирдлагууд зүгээр суугаагүй ээ. Одоо энэ асуудлыг цэгцлээд, хөдөөд гоё сайхан байшин барихаас илүү ажлын байр бий болгох, аймгуудыг бүсчилсэн аж үйлдвэрийн төв болгох дээр УИХ, Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Тэгж байж л хотыг зорих шилжилт хөдөлгөөн багасна. Хотын ачаалал буурна шүү дээ.  Өнгөрсөн 26 жилд хичнээн газарт дэд бүтэц тавьж, нийтийн тээврийн хичнээн чиглэл  шинээр бий болсон гэвэл их л сонирхолтой тоо гарах байх. Тэгээд ч аюулгүй байдал талаасаа ч нийслэлдээ ингээд бүгдээрээ шаваад суух нь зөв ч юм уу, хэцүү шүү дээ.

-Ардчилсан намынхан гэр хорооллыг барилгажуулна гэсэн, зарим төслүүд нь хөдөлсөн байх. Зарим нь яг тэр чигтээ хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Танай нам гэр хорооллыг барилгажуулах талаар юу хийхээр төлөвлөж байна?

-Гэр хорооллыг барилгажуулна гэдэг сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэх асуудал биш. Зөв тооцоо, зөв судалгаа хэрэгтэй. Өмнөх хотын даргын үед газраа орон сууцаар сольсон цөөнгүй иргэд хохирсон гээд багагүй асуудал үүсгэсэн. Тэр 360 өрхийн асуудлыг саяхан шийдэж өглөө. Бид нэг хашааг нэг хоёр өрөө байраар солихгүйгээр хашаандаа хэдэн давхар барилга бариад амьдрах боломжийг нь судалж байна. Гэр хорооллын айлууд хэцүү шүү дээ, нэг хашаандаа ах дүүгээрээ амьдардаг. Хашаагаа орон сууцаар солилоо гэхэд бүгдээрээ хоёр, гурван өрөө байранд шамбааралдаад амьдрах уу. Тиймээс ийм хүндрэлтэй зүйлээс болоод өмнөх засаг даргын зорилгод саад бэрхшээл үүссэн байх. Харин манай багийнхан өөр шийдлээр гэр хорооллыг барилгажуулж болно гэж үзсэн.

-Яаж?

-Азийн хөгжлийн банктай яриад ямар ч байсан ирэх хавар ажлаа эхэлнэ. Дөрвөн жилийн хугацаанд бүр гэр хорооллыг мэдээж барилгажуулж чадахгүй ч ажил нэлээд урагшилсан байх болов уу. Ямар ч байсан хашаа руу нь  дэд бүтэц тавьж өгөөд хашаандаа гурав, дөрвөн давхар орон сууцны барилгыг хямд материалаар барих боломжоор нь хангах юм.  Өөрөөр хэлбэл барилга барих төсвийг нь урт хугацааны, бага хүүтэй зээлээр хангаж өгнө гэж тооцож байна.  Энэ ажлаа хийхийн тулд Азкинй хөгжлийн банк, Солонгосын  экзим банк, бас Барилга хот байгуулалтын яам, Засгийн газартайгаа хамтраад шийдээд явна. Энэ том ажлыг хот дангаараа шийдэж чадахгүй юм.  Бас хувийн хэвшлийнхэнтэйгаа хамтарна. Өөрөөр хэлбэл, гэр хорооллынхны орлогод нийцсэн хямд өртөгтэй орон сууцыг барьж өгөх  талаар үндэсний барилгын компаниудтайгаа хамтарна. Блок, блокоор нь барилгажуулахгүй бол өмнөх шиг цөл бал гээд явбал үр дүн муутай байдаг юм байна дээ.

-Хотод аж үйлдвэрийн парк байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө та нар тусгасан байсан. Ийм боломжтой гэж үү. Монгол Улс олон жил үйлдвэртэй болно гээд, үе, үеийн Засгийн газар нь олон шийдвэр гаргаж, цөөнгүй хөрөнгө мөнгө зарцуулсан. Үнэндээ одоо аж үйлдвэржсэн бүс Монголд байна уу?

-Аж үйлдвэр Монголд хөгжихгүй байгаа шалтгана олон. Хамгийн наад зах нь гэхэд хоёр нөхөр компани байгуулаад үйлдвэр барина гээд байдаг. Тэгээд л гаднаас баахан тоног төхөөрөмж аваап ирдэг. Гэтэл түүнийг нь ажиллуулаад явах технологи байдаггүй.  Технологийг нь хэн мэддэг вэ гэвэл гадаадад ажиллаад ирснэ залуучууд мэддэг. Тэд нар ирээд  үйлдвэр байгуулъя гэхээр мөнгөгүй. Тиймээс бид нар гадаадад ажиллаж байсан залуучуудын саналыг сонсоод, судалгаа аваад энэ төслөө хөдөлгөнө.

-Нэг хэсэг хогны асуудлыг нийслэлийнхэн мартсан байсан. Ардчилсан намын үед гэр хороолол гэрэлтүүлэгтэй,гудамж талбай нь цэвэрхэн, хоггүй байсан. Харин танай намыг гарснаас хойш хот хогоо цэвэрлэхгүй байна гэсэн гомдлол сонсогдох боллоо?

-Бид АН, МАН гээд туйлшраад, ажлыг нь харлуулах гээд худлаа шүүмжлээд баймааргүй санагддаг. Хогны асуудлыг ачиж аваачаад асгаад л шийдэхгүй л дээ.  Эдийн засгийн аргаар л энэ асуудлаасаа бид салж чадна. Хогноос эрчим хүч үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах хэрэгтэй. Тэгвэл хот хог ачихад мөнгө зарцуулах шаардлагагүй болно. Нөгөө үйлдвэрүүд нь өөрсдөө айл өрхөөр яваад хогоо ачиж аваад явчихна. Гаргасан эрчим хүчээр нь харин гэр хорооллоо хангаж болно. Нэг сумаар хоёр туулай буудах ийм арга байна. Цаашид хогоо ачаад хаядаг биш, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Засгийн газар, хувийн хэвшил, хот гээд хамтраад шийдэл гаргаад явах нь зүйтэй байх.

-Хотын даргын дэд бүтэц хариуцсан орлогчийн хувьд  зам талбайн түгжрэлийг яаж шийдмээр байна. Цас бороо орохоор л замын түгжрэл нэмэгдээд, нийслэлийнхнийг стресстүүлдэг?

-Бид гудамж талбайн уулзваруудыг өргөжүүлэхээс гадна, хорооллуудын дундах гарцыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Давхар зам барьчихаар замын түгжрэл буурчих юм биш.  Манайд сүүлийн жилүүдэд орон сууцны хороололууд нэмэгдсэн ч гарц нь ганцхан байдаг. Нэг орон сууцны хороолол руу орох гэж баахан түгжирдэг. Энэ чинь өөрөө төв замын түгжрэлийг үүсгээд байгаа юм шүү дээ. Тиймээс хороолол руу нэвтэрдэг замууд сайжирвал түгжрэл ч буурна гэж тооцоолж байна.

-Таныг “Мандухай цэцэн хатан” киноны Батмөнх даяан хаанд тоглосныг мэдэхгүй хүн байхгүй. Урлагийн хүн болсон байх гэтэл та бүр улстөр хөөгөөд явсан байна. Яагаад ийм сонголт хийх болов?

-Хүн хувь заяагаа дагадаг. Урлагийн хүн болох учиртай байсан бол урлагаа хөөх л байсан байх. Миний хувьд хүүхэд насандаа  Монголын түүхэн хааны дүрийг бүтээх аз завшаан тохиосон. Мэдээж түүндээ бэлгэшээж баярлаж явдаг.  Харин биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэгчээр  төрөө засах үйл хэрэгт оролцох боломж олдсон. Манайхан биеээ засаад гэрээ зас, гэрээ засаад гэдгийг мөнгө, хөрөнгөтэй болчихвол боллоо гэж боддог. Биеэ зас гэдэг маань өөрийгөө олон зүйлд сорь. Унаж босч үз гэсэн үг юм. Түүнээс мөнгөтэй болсон би одоо төрөө засна гээд гүйгээд байгаа хүмүүсийн ойлгосон шиг үг бас биш юмаа.

-Та ингэхэд хаагуур юу хийж байв?

-Өө олон зүйл хийсэн. Оюутан байхдаа Солонгост  хар ажил хийж явлаа. Монголдоо ирсэний дараа ер нь залуучууд бид төр засгийн шийдвэрт бас оролцох ёстой юм байна гээд намд элссэн.

Ж.ЭРХЭС